
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр “АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН” болсон Т.Нямдорж, Э.Мөнхзул нарт Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Баярхүү, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Жамцзанги, Засаг дарга О.Лхагвадорж нар шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Сайхан багийн малчин Тунгалагбаатарын Нямдорж, Энхжаргалын Мөнхзул нар нь 11 жил тасралтгүй мал маллаж, мал сүргээ чанаржуулан, төл бойжилтыг тогтвортой өндөр түвшинд барьж, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ч малын хорогдол багатай ажиллаж ирсэн туршлагатай юм.

2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 1701 толгой мал тоолуулсан. 100 эхээс 100-102%-иар төл бойжуулсан. Сүүлийн 2 жилд 3 өрхийг нийт 67 бод, 568 бог нийт 635 тооны малаар малжуулсан байна.

“Мал дагавал ам тосодно” гэсэн ардын сайхан үг бий. Энэ бол жилийн дөрвөн улиралд буянт малынхаа төлөө бие сэтгэлээ чилээн, цаг наргүй хөдөлмөрлөснөөр үр шимийг нь хүртэж амьдрахын учрыг таниулсан мэргэн ардын минь ухаан билээ. Дэлгэр сайхан нутагтаа мал сүрэг тань өсөн үржиж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй тань ямагт дэвшин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
