Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага Нутгийн өөрөө удирдах байгууллага

Хэнтий аймаг Баян-Адрага сум

2014-10-17

 Төрийн цэцэн билэгт их хатдын өлгий нутаг Халхын Сэцэн Хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу нь 1680-аад оны үед бүрэлдэн тогтносон бөгөөд Хамаг Монголын Ханлиг-Чингис газар хэмээн түүхийн сурвалж бичиг судлаачдын бүтээлүүдэд тэмдэглэдсээр ирсэн.

           Энэ хошуу нь Онон, Хурх, Эг, Барх, Уужим, Жавхлант, Урт, Шуус зэрэг өргөн уудам нутгийг хамарч одоогийн Баян-Адрага, Биндэр, Гурванбаян, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал зэрэг сумдууд багтаж байсан байна. Хойд хэсгээрээ Харуулын нутаг байв. 1691 онд Дал нуурын чуулганаас халхын 8-н хошууг өрөөчлөн аймаг, хошуу гэсэн зохион байгуулалт хийхэд Халхын сэцэн хан аймаг, Хөвчийн жонон вангийн хошуу түүний тамгын газар үүсэн бий болжээ.Тус хошууны язгуурын түшмэл нь засаг төрд туслагч гүн Сэцэн жонон Равдан байсан бөгөөд олноо өргөгдсөний 4 –р он хүртэл 11 засаг ноён тус хошууг залгамжлан захирч байлаа. Хүн ам, айл өрх, малын тоогоороо аймагтаа тэргүүлж байсан хамгийн том хошууны нэг юм.
Олноо өргөгдсөн Монгол Улсын 12-р оны өвлийн эхэн сарын 27-ны өдөр Ардын нам, Засгийн газраас Хан хэнтий уулын аймгийн шадар сайд, Эрдэнэ дайчин жонон засаг ноён хошой Чин Ван Цогбадрахын хошуу гэж нэрлэгдэж байжээ.
1923 онд Ардын засгийн газрын 38, 43-р тоот, мөн онд батлагдсан нутгийн захиргааг шинэчлэн байгуулахад Хөвчийн Жонон вангийн хошууг Биндэрьяа Хан уулын хошуу хэмээн нэрлэж, арван сумаар зохион байгуулж, хошууны зүүн урд орших Шуусын голын хөвөөнд Баян-Өлзийт сумыг анх байгуулсан нь одоогийн Баян-Адрага сум юм.
1931 онд Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр Баян-Өлзийт сумыг Баянхонгор болгон өөрчилж, мөн 1933 онд иргэдийн санал хүсэлтийн дагуу Баянхонгор сумын Баян-Адрага хэмээн нэрлэн улмаар 1959 онд одоогийн байгаа газраа төвлөрүүлсэн байна.

            Эдүгээ манай сум 302,1 мян.га газар нутагтай, 2437 хүн амтай. Монгол улсын зүүн хойд хэсэгт Хэнтий нурууны зүүн салбар уулсын өвөр, ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт байгаль бүхий өргөн уудам нутгийг хамарч Биндэр, Дадал, Батноров, нийслэл Улаанбаатар хотоос 430 км, Өндөрхаан хотоос 160 км алслагдсан томоохон суурин юм.

       Баян-Адрага сумын нутаг нь далайн түвшинээс дээш дунджаар 1030 м өндөрт өргөгдсөн. Сум нь засаг захиргааны 4 нэгж, төсвийн 6 байгууллагад 118  албан хаагч ажилладаг ба 200 хүний суудалтай Соёлын төв, 10 ортой Эрүүл мэндийн төв, 400 сурагчтай 9 жилийн сургууль 75 хүүхдийн орон тоотой хүүхдийн Цэцэрлэг, 75 хүүхдийн дотуур байртай. Хувийн хэвшлийн 16 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Газар тариалангийн “Идэр-Онон” ХХК, “Мөнхийн Дуурлиг” ХХК зэрэг ААНэгж тариалалт хийдэг ба нийт эргэлтийн талбай 3200 га байдаг.

       Баян-Адрага нутаг нь үе үеийн алдартан гавъяатан, төрийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн сайчуудын өлгий билээ. Тус сумаас 8 дугаар Жавзандамба хутагтын хатан Ц.Дондогдулам, Н.Гэнэнпил, мэргэн жаал Ламаадан Цэрэнпунцаг, цэрэг ба  гадаад байдлын яамны дэд сайд Д.Сэлмэнтожил, Монгол улсын ерөнхий сайд, орлогч сайд жанжин Г.Самбуу, сайд Э.Ваандуй, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн В.Гончигдамбаа, Р.Жамбалсүрэн, МУ-ын ардын жүжигчин А.Энхтайван, МУ-ын ардын багш Ц.Дамдин, МУ-ын гавъяат барилгачин Д.Чойдог, МУ-ын аварга малчин тууварчин Ц.Дашцэрэн, МУ-ын хошой аварга малчин Д.Сүрэн, МУ-ын хошой аварга малчин П.Лхамсүрэн, Ц.Дэнзмаа, МУ-ын алдарт уяач Г.Содном, МУ-ын төрийн шагналт, Алтан гадас одонт Ү.Баттөр, Ө.Лхагва МУ-ын залуу аварга саальчин Ц.Мөнхжаргал, Ч.Оюунгэрэл, ОУ-ын дугуйн спортын мастер Г.Ганболд ЯН Г.Сүхбаатар нар болон төр нийгэм соёл урлагийн салбарын, хөдөлмөрийн сайчууд нь Баян-Адрагачууд бидний бахархал Адарга нутгийн нэрийн хуудас болсоор байна.

Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны хатан
ЦЭНДИЙН ДОНДОГДУЛАМ /1874-1923/
Эх дагина Дондогдулам нь Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин бөгөөд 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн гэдэг. Учир нь энэ өдрийг Монголчууд эх дагинын түмэн өлзий гийсний баяр хэмээн мөргөл үйлдэж байжээ. Богд Жавзандамба хутагт Амарбаясгалантад залрах үед Дондогдулам Жонон ван Цогбадрахын хатны аягачаар явж байгаад Богд гэгээнтэй учирсан гэдэг YIII Богд Жавзандамба энэ эмэгтэйтэй нууцаар ханилж байгаад 1902 онд гэрлэж Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан дарь цол өргөмжлүүлсэн байна.
1911.12.29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад Богдын хатан Дондогдуламыг Улсын эх дагина хэмээн өргөмжлөн, улмаар “Шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагины тамга” гэсэн бичигтэй тамгыг өгч байжээ. Улсын эх дагина Дондогдулам 21 жил Богд хаантай ханилж байгаад 49 насандаа таалал төгсчээ.

Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны сүүлчийн хатан
НАВААНЛУВСАНГИЙН ГЭНЭНПИЛ /1905-1938/
Улсын эх дагина Дондогдуламыг таалал болсны дараа Хан төрийн 7 эрдэнийн нэгэн болох шинэ цагаан дарийг тодруулахад Хөвчийн Жонон вангийн хошууны Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/ Богд хааны хатнаар өргөмжлөгдөн ирээд удалгүй Богдын таалал төгсөхөд хатны ачаа хөсөгтэйгөөр нутагтаа буцжээ. Хатнаар өргөмжлөгдөх үедээ /Лувсандамба хэмээх бөх нөхөртэй байсан гэдэг/
Нутагтаа эргэж иргээд Лувсандамбатай ханилж Доржханд, Цэрмаа, Гантөмөр хэмээх 3 хүүхэд төрүүлснээс дунд охин Цэрмаагийн охин Цэрэнханд болон түүний үр хүүхдүүд /Алтанхуяг, Алтангоо, Алтан-од/ нь нутаг усандаа өрх бүл нэмэгдэн сайхан амьдарч байгаа билээ. Гэнэнпил хатан нь хэлмэгдлийн үед Богд хаантай гэрлэж байсан гэдгээр баривчлагдан хэлмэгдсэн.

       Даншгийн их аварга Донойн Цэвэгмид нь 1850 онд Сэцэн Хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуунд төрсөн. Даншгийн наадамд 1876 онд 10 даван түрүүлж Арслан цол, 1880 онд 10 даван үзүүрлэж аварга цол хүртсэн. 1881 онд 8 давж, 1882 онд 7 давж даншиг наадамд шөвгөрч байсан. 1896 оны Даншигт дархан аварга Г.Өсөхбаяр, О.Гэлэгсэнгэ нарын хамт хуучин ёсоор 5 газраас нэжгээд мориор шагнуулж байжээ.

  Тус сумаас улс, аймаг, орон нутагтаа алдар цуутай бөхчүүд болох даншгийн их аварга Д.Цэвэгмид, 10-н засгийн аварга Ч.Дашжамц, даншгийн арслан Баяндалай Улсын заан Цахлайтын өндөр хэмээх Бяруузана, Улсын начин М.Намсрай, Улсын начин Ц.Дамдин аймгийн начин Д.Цэвэгжав аймгийн хурц арслан Д.Галсантөмөр нарын бөхчүүд төрөн гарсан нь нутгийн иргэдийн омогшил төрүүлж байдаг юм.

bayanadraga01

   Баян-Адрага сумын нутаг дэвсгэрт эртний буурал түүхийн улбаа мөр цөөнгүй. Хүннүгийн язгууртны 198 булш, Буурлын агуй, Чингисийн Хэрмэн зам, Чингис Жамухын Хүйтний хөндийн их тулааны гэрэлт хөшөө, Монгол Хатдын хүндэтгэлийн өргөө, Божирын энгэрийн хүн чулуу зэрэг түүх соёлын дурсгалт газар олон бий.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1301
509 / 39%
413 / 32%
185 / 14%
194 / 15%